НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ПРОГРАММД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ ЖУРАМ

МНББХ-ийн Удирдах Зөвлөлийн 2018 оны 4 дүгээр  

сарын 12-ны  өдрийн  05  тоот тогтоолын 1 дүгээр хавсралт

 

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ПРОГРАММД  ҮНЭЛГЭЭ ӨГӨХ ЖУРАМ

Нэгдүгээр зүйл: Нийтлэг үндэслэл

1.1 Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.11-ийн “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад нягтлан бодох бүртгэл хөтлөх зөвшөөрөгдсөн программ хангамжийг нийтэд мэдээлэх” тухай заалт болон Сангийн сайдтай байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн СЯ 1609 тоот гэрээг үндэслэн Сангийн сайдын 2018 оны 47 дугаар тушаалаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн программд тавигдах шаардлага”-ыг хангасан байдалд Монголын Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэн (цаашид Хүрээлэн гэнэ) үнэлгээ өгөхөд энэхүү журмын зорилго оршино.

1.2 “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн программд тавигдах шаардлага”-ыг хангасан байдалд үнэлгээ өгөх талаар Монголын Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн, Нягтлан бодох бүртгэлийн программ эзэмшигч/зохиогч нарын хооронд үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.3 Нягтлан бодох бүртгэлийн программыг үнэлэх Хүрээлэнгийн ажлын хэсэг нь энэхүү журмыг мөрдөж ажиллана.

 

Хоёрдугаар зүйл: нягтлан бодох бүртгэлийн программд тавигдах ерөнхий болон ТУСГАЙ шаардлага

2.1      Программын ерөнхий шаардлага.

2.1.1      бүртгэлийн мэдээлэл боловсруулахад хэрэглэгдэх нэр томъёо нь НББ-ийн стандартын тодорхойлолттой тохирч байх

2.1.2      тооцооллын аргачлал нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт түүнтэй холбоотой дүрэм, журам, хуульд заагдсан бүх аргачлалын хүрээнд хийгдсэн байна.

2.1.3      нягтлан бодох бүртгэлийн анхан шатны маягт, журналын маягт, санхүүгийн тайлан, тодруулгын маягт зэрэг нь Сангийн сайдын холбогдох заавар журамд батлагдсан маягтаар хийгдсэн байх ба холбогдох эрх зүйн баримт бичгийн өөрчлөлтийн дагуу өөрчлөлт хийх боломжтой байх,

2.1.4      татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой мэдээ, мэдээлэл, тайлан, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг цахим хэлбэрээр гаргаж, интернетийн сүлжээ ашиглан хүргүүлэх боломжтой байх, маягтууд нь эрх бүхий байгууллагаас батлагдсан загвараар хийгдсэн байна.

2.1.5      татвар, нийгмийн даатгалын албанд гаргаж өгөх цахим мэдээ, мэдээлэл, тайлангийн маягт, үзүүлэлт, тооцоолол нь холбогдох хууль, тогтоомж хуулийг хэрэгжүүлэх аргачлал, хэрэгжүүлэгч агентлагаас тавих бүхий л шаардлагуудтай нийцэж байх,

2.1.6     ажил гүйлгээг нуун дарагдуулах, бүрхэгдүүлэх, зориудаар будлиантуулах, хөрөнгө үрэгдүүлэн шамшигдуулах боломжийг олгохооргүй байх,

2.1.7     ажил гүйлгээний алдаатай бичилтийг зөвхөн залруулах бичилтээр засварладаг байх,

2.1.8     санхүүгийн тайлангийн аудит хийхэд хялбар дөхөмтэй, мэдээллийн эх үүсвэрийг иж бүрнээр /анхан шатны баримтын мэдээлэл, дансанд бичилт хийсэн мэдээлэл/ тодорхой харуулдаг байх

2.1.9     мэдээллийн бүртгэл давхардалгүй, тайлангийн боловсруулалтыг автоматаар хийдэг байх

2.1.10  тайлант жилийн санхүүгийн тайланг бэлтгэх боломжтой байх, өнгөрсөн онуудын тайлангийн түүх хадгалагддаг байх.

2.1.11  үйлдвэрлэлийн болон хөрөнгийн хөдөлгөөний мэдээг олон хувилбараар гаргах,

2.1.12   зардлын бүртгэл нэвтрүүлэх боломжтой байх

2.1.13  санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг төлөвлөгөөтэй харьцуулах боломжтой байх

2.1.14  санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн шинжилгээ хийх боломжтой байх

2.1.15    санхүү, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим тайлангийн системд мэдээ, мэдээллийг сонгох тайланд оруулах боломжтой байх,

2.1.16  тайлан тооцоолол, бүртгэлтэй холбоотой мэдээ, мэдээллийг боломжит хэлбэрээр цахим байдлаар гаргах боломжтой байх / XLS,TXT, PDF,DOC …./

2.1.17    байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, дотоодын хяналтын албанд зориулан санхүү, зардал, удирдлагын бүртгэлийн мэдээлэл, бусад мэдээллүүдийг цахим хэлбэрээр гаргах шаардлагатай нөхцөлд системээс зөвхөн харах эрхтэй нэвтрэн орох боломжтой байх, интернет ашиглан илгээх боломжтой байх

2.1.18  сар болон улирал, жилээр программын мэдээллийг /баазыг/ архивлаж авдаг байх,

2.1.19  программын үр дүн, түүнээс гарах тайлан, статистик үзүүлэлтийг зураг, диаграмм хүснэгт ашиглан харж болохоор уян хатан байх

2.2     Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн доорх зарчмуудыг хангасан байх

2.2.1      зэрэгцүүлэх боломжтой байх

2.2.2      үнэн зөв, иж бүрэн байх

2.2.3      өртгөөр, болон зах зээлийн бодит үнээр, дахин үнэлсэн үнээр бүртгэх боломжтой байх

2.2.4      мөнгөөр илэрхийлэгддэг байх

2.2.4      үйл ажиллагаа тасралтгүй байх

2.2.5      бодитой байх

2.2.6      тодруулга бэлтгэх боломжтой байх,

2.2.7      ашиглахад энгийн ойлгомжтой байх

2.2.8      хайлт шүүлтийг хурдан, олон үзүүлэлтээр хийдэг байх

2.2.9      тайлбар, танилцуулга, гарын авлагатай байх

 2.3 Техникийн дараах шаардлагуудыг хангасан байна.

  • 2.3.1 сүлжээнд болон бие даан ажиллах боломжтой байна
    2.3.2 мэдээллийн шивэлт, шалгалтын ажил автоматажсан байна
    2.3.3 мэдээллийн хадгалалт, нууцлалт, хамгаалалт, файл ба форматын аюулгүй байдал хангагдсан байх
    2.3.4 үр дүнг файл, принтерээр гарган авах боломжтой байх
    2.3.5 хэрэглээний хамгийн энгийн ойлгомжтой байх ба бусад үйлдлийн системтэй холбогдох талаар уян хатан байх/WINDOWS болон UNIX гэх мэт/,
    2.3.6 программд хэрэглэгч тус бүр нэвтрэх нэр, нууц үгээр хандан орох боломжтой байх багаж, хэрэглэгч тус бүрийн ажиллах эрхийг тохируулах, нэмэх, хасах, тухайн хэрэглэгчийн нэвтрэх нэрийг хаах, нээх, хязгаарлах боломжтой байх

2.4 Нягтлан бодох бүртгэлийн программд дараах модулийг бүрэн хамруулсан байна. Үүнд:

  • 2.4.1 мөнгөн хөрөнгийн бүртгэл,
    2.4.2 борлуулалтын бүртгэл,
    2.4.3 авлагын бүртгэл,
    2.4.4 бараа материалын бүртгэл,
    2.4.5 өглөгийн бүртгэл,
    2.4.6 цалин хөлсний бүртгэл /тооцох бүх арга, тэтгэвэр, тэтгэмж/,
    2.4.7 үндсэн хөрөнгө /ашиглалт,дахин үнэлгээ, элэгдлийн арга/-ийн бүртгэл,
    2.4.8 зардлын бүртгэл /тооцох бүх арга/,
    2.4.9 санхүүгийн хэрэглүүрийн бүртгэл,
    2.4.10 биет бус хөрөнгийн бүртгэл /элэгдэл, хорогдол тооцолт/,
    2.4.11 эздийн өмчийн бүртгэл /хувьцаа ба хувьцаа эзэмшигчид, тэдгээрийн хөдөлгөөн, хуримтлагдсан ашиг, нэмж төлөгдсөн капитал гэх мэт/,
    2.4.12 албан татвар, хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийн бүртгэл,
    2.4.13 ерөнхий дансны хөтлөлт /ажлын хүснэгт ороод/
    2.4.14 санхүүгийн тайлан, тодруулга,
    2.4.15 санхүүгийн ба орлогын албан татварын тайлангийн зөрүүгийн тайлан,
    2.4.16 бусад,

2.5      Уул уурхай, барилга, хөдөө аж ахуй гэх мэт салбарын онцлогийг тусгасан модулийг тус тусад нь үнэлж дүгнэлт гаргана

2.6      Нягтлан бодох бүртгэлийн программ хангамж боловсруулан, нийтэд борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд нь мэргэжлийн эсхүл мэргэшсэн нягтлан бодогч зөвлөхтэй байна.

2.7      Шинээр зохиосон, шинэчлэн сайжруулсан, өөрчилсөн Нягтлан бодох бүртгэлийн программыг тогтмол үйл ажиллагаа явуулдаг, тухайн программ нь бүрэн ажиллах боломжоор хангагдсан байгууллагад 1 жилээс доошгүй хугацаанд туршиж зүгшрүүлсэн, улирал, жилийн санхүү, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг бэлтгэсэн байна.

 

Гуравдугаар зүйл: Программд үнэлгээ хийлгэхэд бүрдүүлэх бичиг баримт

3.1      Эзэмшигч/зохиогч этгээд нь нягтлан бодох бүртгэлийн программд үнэлгээ хийлгэхдээ дараах баримт бичгийг Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнд ирүүлнэ.

3.1.1      нягтлан бодох бүртгэлийн программ нь олон улсын стандартад нийцсэн байдалд үнэлгээ хийлгэх тухай хүсэлт /программын эзэмшигч, зохиогчдын нэр, программ болон хувилбар(version)-ын нэр, хэл, үйлдлийн систем, товч түүх, туршиж зүгшрүүлсэн байгууллага/

3.1.2      үнэлгээ хийлгэх программын хувилбарыг файлаар (CD г.м электрон хэлбэрээр), дэлгэрэнгүй танилцуулгын хамт.

3.1.3      байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /иргэн бол иргэний орлогын албан татварын гэрчилгээ/

3.1.4      татварын албаны цахим тодорхойлолт

3.1.4      программ зохиогчдын овог нэр, регистрийн дугаар, төгссөн сургууль, мэргэжлийн дипломын дугаар, гарын үсэг бүхий товч жагсаалт

3.1.5      тухайн программыг туршиж зүгшрүүлсэн байгууллагын программд өгөх тодорхойлолт

3.1.6  уг программд зөвлөхөөр ажилласан нягтлан бодогчийн товч анкет, мэргэшсэн зэргийн гэрчилгээний хуулбар

3.1.5      үйлчилгээний хөлс төлсөн баримт

3.1.6      Үнэлгээ хийлгэхийг тулд бүрдүүлж өгсөн дээрх материалыг буцаан олгохгүй бөгөөд нууцлалыг чандлан хадгална.

 

Дөрөвдүгээр зүйл: Программд үнэлгээ хийх

4.1      Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирлын тушаалаар салбарын эрдэмтэн, мэргэжилтэн, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хэрэглээний систем нийлүүлэгчдийн холбоо, хараат бус аудитын байгууллагыг төлөөлөх мэргэжилтэн (Тухайн байгууллагын удирдлагатай тохиролцсоноор)-ээс бүрдсэн 9-11 хүний бүрэлдэхүүнтэй “Нягтлан бодох бүртгэлийн программд үнэлгээ өгөх ажлын хэсэг”-ийг томилж ажиллуулна.

4.2      Хүрээлэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг жил бүр шинэчлэн томилно. Хамтран ажиллагч байгууллагын удирдлагын хүсэлтээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд жилийн дундуур өөрчлөлт оруулж болно.

4.3      Ажлын хэсгийн гишүүд программ үнэлүүлэх хүсэлт ирүүлсэн байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолтой этгээд байхыг хориглох бөгөөд сонирхлын зөрчилгүй болох тухайгаа үнэлгээний үйл ажиллагаа эхлэхээс өмнө бичгээр мэдэгдсэн байна

4.4      Ажлын хэсэг нь тухайн программын стандартын шаардлага, холбогдох хууль, журам, дүрэмд нийцсэн байдал, хэрэглэгчийн нууцлал, аюулгүй байдал, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байдал, техникийн шаардлага зэргийг тулган баталгаажуулах, үнэлгээ өгөх аргаар гүйцэтгэнэ.

4.5      Ажлын хэсгийн эцсийн шийдвэр нь программд үнэлгээ өгсөн үнэлгээний дүгнэлт бөгөөд ажлын хэсгийн дарга, гишүүдийн дийлэнх олонх буюу 75 ба түүнээс дээш хувь нь зөвшөөрч гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөрт тооцогдоно.

4.6      Программд үнэлгээ өгөх тестийг Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирлын тушаалаар батална.

4.7      Программд үнэлгээ өгөх тест нь өгөгдөл тус бүрээр оноо өгөх боломжтойгоор боловсруулагдсан байна.

4.8      Программд үнэлгээ өгөх ажил нь 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатанд программ эзэмшигч/зохиогч Хүрээлэнгээс баталсан тестээр өөрийн программд үнэлгээ өгнө. Хоёрдугаар шатанд Хүрээлэнгийн ажлын хэсэг Программ эзэмшигч/зохиогчийн өөрийн үнэлгээг шалгаж баталгаажуулна.

4.9      Программ эзэмшигч/зохиогч энэ журмын 3 дугаар зүйлийн 3.1-д заасан материалыг бүрдүүлж өгсний дараа Хүрээлэнгээс өөрийн үнэлгээний тестийг авч 4 долоо хоногийн дотор бөглөж, албажуулан Хүрээлэнд ирүүлнэ. Хүрээлэн программ эзэмшигч/зохиогчийн өөрийн үнэлгээний тест шаардлага хангаагүй гэж үзвэл буцааж болно.

4.10    Үнэлгээний хоёрдугаар шатанд энэ журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ажлын хэсгийн гишүүдээс сонгогдсон /ажлын бололцоо, салбарын төлөөлөл, сонирхлын зөрчилгүй зэрэг байдлыг харгалзсан/ 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсэг программыг дараах байдлаар шалгана.

4.10.1    Хүрээлэнд шалгуулахаар файлаар өгсөн программтай танилцах

4.10.2    Программ эзэмшигч/зохиогчийн өөрийн үнэлгээний тестийг нэг бүрчлэн шалгаж тавьсан оноог баталгаажуулах буюу эсвэл шинээр оноо өгнө.

4.10.3    Туршиж зүгшрүүлсэн байгууллагад очиж программын ажиллагаатай нь танилцах

4.10.4    Шалгалтын явцад ямар нэг дутуу буюу хангалтгүй байдал илэрвэл тухайн хийгдэх, залруулах ажиллагааны байдлаас шалтгаалан засаж сайжруулах хугацаатай зөвлөмж өгнө.

4.10.5    Программын үнэлгээний тестийн нийт онооны 85 ба түүнээс дээш хувийг авсан мөн энэ журмын 2 дугаар зүйлийн 2.4-д заасан модулийг бүрэн хамарсан тохиолдолд тухайн программыг шаардлага хангасан гэж үзнэ.

4.10.6    Үнэлгээний тайланд уг программыг ямар төрлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад ашиглаж болохыг тодорхой заасан байна.

4.11    Программ эзэмшигч/зохиогчоос өөрийн үнэлгээний тестийг Хүрээлэнд ирүүлснээс хойш 2 долоо хоногийн дотор шалгаж үнэлгээний тайланг, холбогдох материалын хамт Сангийн сайдын 2018 оны 47 дугаар тушаалаар байгуулагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн программд дүгнэлт гаргах ажлын хэсэг”-т шилжүүлнэ.

4.12    Хүрээлэнгийн үнэлгээний тайлан нь тухайн программын үнэлгээ хийлгэсэн хувилбарын хувьд 36 сарын хугацаанд хүчинтэй байна.

4.13    Нягтлан бодох бүртгэлийн программыг шалгаж, үнэлгээ өгөх ажлыг жил бүрийн 2 ба 4 дүгээр улиралд зохион байгуулна.

4.14    Хүрээлэнгийн үнэлгээний тайланг Сангийн яамны ажлын хэсгээр батлагдсаны дараа эзэмшигч/зохиогчид олгоно.

4.15    Нягтлан бодох бүртгэлийн программын талаар Хүрээлэнгээс гаргах үнэлгээний тайлан нь тус программ Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын ерөнхий шаардлагыг хангасан байдлыг тодорхойлох болно. Харин тухайн программыг эзэмшигч/зохиогч болон хэрэглэгчийн дараах буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарах хариуцлагыг Хүрээлэн хүлээхгүй:

4.15.1    СТОУС-аар шаардсан тооцооллыг буруу эсвэл эс хийсэн, эсвэл,

4.15.2    ажил гүйлгээг санхүүгийн тайлан тодруулгад буруу, илүү эсвэл дутуу, эсвэл эс толилуулсан, эсвэл,

4.15.3    залилангийн шинжтэй үйлдэл, эсвэл,

4.15.4    бусад шударга, бодитой, үнэн зөв байх зарчмыг алдагдуулсан үйлдэл.

 

Тавдугаар зүйл: Программ эзэмшигч/зохиогч болон ажлын хэсгийн эрх үүрэг

5.1      Программ эзэмшигч/зохиогчийн эрх, үүрэг

5.1.1      Программыг шалгах үед Хүрээлэнгийн ажлын хэсгийн ажиллах бололцоо, нөхцөлөөр хангах, программын ажиллагааг үзүүлж тайлбарлах, тайлбар танилцуулга, гарын авлагыг бэлтгэсэн байх.

5.1.2      Программ эзэмшигч/зохиогч программын үйл ажиллагаа, хүчин чадал, хамрах хүрээний талаар танилцуулга, тайлбар хийхдээ шударга, бодитой, үнэн зөв байх зарчмыг баримтална.

5.1.3      Программыг үйл ажиллагааг туршиж зүгшрүүлсэн аж ахуйн нэгж байгууллагаас программын ажиллагааг үзэж танилцах зөвшөөрөл авч, хугацааг товлосон байна.

5.1.4      Хүрээлэнгийн ажлын хэсгийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол хариу тайлбар өгөх, Хүрээлэнгийн гүйцэтгэх захиралд гомдол гаргах эрхтэй.

5.1.5      Эзэмшигч/зохиогч урьд үнэлгээ хийлгэсэн хувилбарт модуль шинээр нэмсэн буюу хассан, мөн томоохон тооцоолол, аргачлалын өөрчлөлт засвар хийсэн бол шинэ хувилбар үүссэн хэмээн тооцож үнэлгээ хийлгэнэ.

5.2      Хүрээлэнгийн ажлын хэсгийн эрх, үүрэг

5.2.1      Хүрээлэнгийн ажлын хэсэг нь энэ журмын 4 дугаар зүйлийн 4.10-т заасан журмын дагуу үнэлгээний ажлыг гүйцэтгэнэ.

5.2.2      Ажлын хэсэг үнэлгээ өгөхийн тулд программыг нарийвчлан судлах бололцоо олгохыг программ эзэмшигч/зохиогчоос шаардах.

5.2.3      Журамд заасан хугацаанд үнэлгээг бүрэн гүйцэд, үнэн зөв, бодитойгоор үнэлж үнэлгээний дүгнэлтийг бэлтгэж хүрээлэнгийн захиргаанд хүргүүлэх.

5.2.4      Ажлын хэсгийн гишүүд программын нууцлалыг задруулахгүй байх.

 

Зургаа дугаар зүйл: Бусад

6.1     Программын тухай мэдээлэх

6.1.1      СТОУС-ын шаардлагад нийцсэн программын талаарх үнэлгээний дүгнэлтийг Сангийн яаманд хагас жил тутам хүргүүлнэ.

6.1.2      СТОУС-ын шаардлага хангасан программын тухай мэдээллийг МНББХ-ийн мэдээллийн сайт, фэйсбүүк-д байршуулна.

6.2     Үйлчилгээний хөлс

6.2.1      Нягтлан бодох бүртгэлийн иж бүрэн программд 400 асуулт бүхий тестээр анх удаа үнэлгээ хийх ажлын хөлс нь 200.0 мянган төгрөг байна. Харин урьд үнэлгээ хийлгэсэн программд дараагийн удаад хувилбарын өөрчлөлт болон бие даасан модулийг үнэлэх хөлсийг ажлын хэмжээнээс хамааруулж гүйцэтгэх захирлын тушаалаар тогтооно.

6.3     Журмыг мөрдөж эхлэх хугацаа

6.3.1      Энэхүү журмыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ХҮРЭЭЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *