Сангийн сайдын тушаал Нягтлан бодох бүртгэлийн програмд тавигдах шаардлага, удирдамж баталж, ажлын хэсэг байгуулах тухай

Монгол улсын сангийн сайдын тушаал

2018 оны 3 сарын 5 өдөр                              Дугаар 47                               Улаанбаатар хот

 

Нягтлан бодох бүртгэлийн програмд тавигдах шаардлага, удирдамж баталж, ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.11 дах заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

Нэг. “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн программд тавигдах шаардлага”-ыг 1 дүгээр хавсралтаар, Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн программд дүгнэлт гаргах ажлын хэсгийн удирдамжийг 2 дугаар хавсралтаар,  Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн программд дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэ тушаалын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Г Түвдэндорж/-т үүрэг болгосугай.

Гурав. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2017 оны 333 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

САНГИЙН САЙД               Ч ХҮРЭЛБААТАР

– хХх –

 

Сангийн сайдын 2018 оны 3 дугаар сарын

 5-ний өдрийн 47 тоот тушаалын 1 дүгээр хавсралт

 

Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн программд тавигдах шаардлага

 

  1. Нягтлан бодох бүртгэлийн программ нь холбогдох хууль тогтоомж, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон холбогдох заавар журамд нийцсэн байхаас гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан байна. Үүнд:

1.1             бүртгэлийн мэдээлэл боловсруулахад хэрэглэгдэх нэр томьёо нь стандартын тодорхойлолттой тохирч байх,

1.2             тооцооны аргачлал нь стандартад заагдсан бүх аргыг хэрэглэх боломжтой байх,

1.3             журнал, ерөнхий данс, санхүүгийн тайланд тодруулга хийх боломжтой болон бүртгэлийн маягтууд нь стандартын шаардлагыг хангасан байх,

1.4             анхан шатны маягт, нягтлан бодох бүртгэлийн журналын маягт, санхүүгийн тайлангийн тодруулгын маягт зэрэг нь Сангийн сайдын баталсан холбогдох заавар журмын агуулгад нийцэж байх,

1.5             татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой мэдээ, мэдээлэл, тайланг цахим хэлбэрээр гаргаж, татварын тайланг интернетийн сүлжээ ашиглан татварын албанд хүргүүлэх боломжтой байх,

1.6             татвар, нийгмийн даатгалын албанд гаргаж өгөх цахим мэдээ, мэдээлэл, тайлангийн маягт, үзүүлэлт, тооцоолол нь татвар, нийгмийн даатгалын хууль, хуулийг хэрэгжүүлэх аргачлал, тус тусын ерөнхий газруудаас тавих шаардлагуудтай нийцэж байх,

1.7             санхүү, зардал, удирдлагын бүртгэлийн мэдээллийг байгууллагын төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, дотоодын хяналтын албанд хүргүүлэх тогтолцоог зохион байгуулах боломжтой байх,

1.8             ажил гүйлгээг нуун дарагдуулах, бүрхэгдүүлэх, зориудаар будлиантуулах, хөрөнгө үрэгдүүлэн шамшигдуулах боломжийг олгохооргүй байх,

1.9             ажил гүйлгээний алдаатай бичилтийг зөвхөн залруулах бичилтээр засварладаг байх,

1.10           санхүүгийн тайлангийн аудит хийхэд хялбар дөхөмтэй, мэдээллийн эх үүсвэрийг иж бүрнээр /анхан шатны баримтын мэдээлэл, дансанд бичилт хийсэн мэдээлэл/ тодорхой харуулдаг байх,

1.11           санхүүгийн тайланг бэлтгэх боломжтой байх,

1.12           үйлдвэрлэлийн болон хөрөнгийн хөдөлгөөний мэдээг олон хувилбараар гаргах,

1.13           зардлын бүртгэл нэвтрүүлэх боломжтой байх,

1.14           санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг төлөвлөгөөтэй харьцуулах боломжтой байх,

1.15           санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн шинжилгээ хийх боломжтой байх,

1.16           санхүү, татвар, шимтгэлийн цахим тайлангийн нэгтгэлд татаж оруулах боломжтой байх,

  1. Нягтлан бодох бүртгэлийн программ нь энэ журмын 1.1-ээс 1.16-д заасан ерөнхий шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.1       мэдээллийг зэрэгцүүлэх боломжтой байх,

2.2       мэдээлэл үнэн зөв, иж бүрэн байх,

2.3       өртгөөр, болон зах зээлийн бодит үнээр, дахин үнэлсэн үнээр бүртгэх боломжтой байх,

2.4       мөнгөөр илэрхийлэгддэг байх,

2.5       тодруулга бэлтгэх боломжтой байх,

2.6       ашиглахад энгийн ойлгомжтой байх,

2.7       тайлбар, танилцуулга, гарын авлагатай байх,

2.8       сүлжээнд болон бие даан ажиллах боломжтой байх,

2.9       мэдээллийн шивэлт давхардалгүй, боловсруулалтыг автоматаар хийдэг байх,

2.10     мэдээллийн хадгалалт, нууц хамгаалалт, файл ба программын аюулгүй байдлыг хангасан байх,

2.11     тайлан, мэдээллийг файл (XLS,TXT), принтерээр гаргах боломжтой байх,

2.12     хэрэглэхэд хамгийн энгийн, ойлгомжтой байх ба бусад үйлдлийн системтэй холбогдох талаар уян байх /WINDOWS болон UNIX гэх мэт/,

2.13 сүлжээгээр программыг ашигладаг тохиолдолд хэрэглэгч тус бүрээр программд нэвтрэх нэр, нууц үгээр хангах боломжтой байх,

2.14     сар болон улирал, жилээр программын мэдээллийг /баазыг/ архивлаж авдаг байх,

  1. Нягтлан бодох бүртгэлийн программд дараах модулийг иж бүрэн хамруулсан байна. Үүнд:

3.1             мөнгөн хөрөнгийн бүртгэл,

3.2             борлуулалтын бүртгэл,

3.3             авлагын бүртгэл,

3.4             бараа материалын бүртгэл,

3.5             өглөгийн бүртгэл,

3.6             цалин хөлсний бүртгэл /тооцох бүх арга, тэтгэвэр, тэтгэмж/,

3.7             үндсэн хөрөнгө /ашиглалт,дахин үнэлгээ, элэгдлийн арга/-ийн бүртгэл,

3.8             зардлын бүртгэл /тооцох бүх арга/,

3.9             санхүүгийн хэрэглүүрийн бүртгэл,

3.10           биет бус хөрөнгийн бүртгэл /элэгдэл, хорогдол тооцолт/,

3.11 эздийн өмчийн бүртгэл /хувьцаа ба хувьцаа эзэмшигчид, тэдгээрийн хөдөлгөөн, хуримтлагдсан ашиг, нэмж төлөгдсөн капитал гэх мэт/,

3.12  албан татвар, хураамж, нийгмийн даатгалын шимтгэлийн бүртгэл,

3.13           ерөнхий дансны хөтлөлт /ажлын хүснэгт ороод/,

3.14           санхүүгийн тайлан, тодруулга,

3.15           санхүүгийн ба орлогын албан татварын тайлангийн зөрүүгийн тайлан,

3.16           бусад,

4          Энэ хавсралтын 3-д зааснаас бусад болон уул уурхай, барилга, хөдөө аж ахуй гэх мэт салбарын онцлогийг тусгасан модулийг тусад нь шалгаж, мэдээлнэ.

5    Нягтлан бодох бүртгэлийн программ хангамж боловсруулан, нийтэд борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг компани нь мэргэжлийн эсхүл мэргэшсэн нягтлан бодогч зөвлөхтэй байна.

– хХх –

 

 

Сангийн сайдын 2018 оны 3 дугаар сарын

 5-ний өдрийн 47 тоот тушаалын 2 дугаар хавсралт

 

Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн программд

дүгнэлт гаргах ажлын хэсгийн удирдамж

Нэг. Ажлын хэсгийн зорилго, хамрах хүрээ

1.1 Ажлын хэсгийн зорилго нь энэхүү тушаалын 1 дугээр хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн программд тавигдах шаардлага”-д нийцсэн нягтлан бодох бүртгэлийн программын талаар дүгнэлт гаргаж, нийтэд мэдээлэх харилцааг зохицуулахад оршино.

1.2 Ажлын хэсэг нь аж ахуйн нэгж, байгууллагад хэрэглэж байгаа дотоод, гадаадын зохиогчийн болон аж ахуйн нэгж, байгууллагын дотооддоо боловсруулсан нягтлан бодох бүртгэлийн программыг хамруулан шалгана.

 Хоёр. Программд дүгнэлт гаргах, мэдээлэх

2.1 Ажлын хэсгийн гишүүд нягтлан бодох бүртгэлийн программыг төсөвт эсвэл бизнесийн байгууллагад, тодорхой салбарын аж ахуйн нэгжид мөрдөх боломжтой эсэх талаар дүгнэлт гаргана.

2.2 Ажлын хэсгээс шаардлага хангасан тухай дүгнэлт гаргасан нягтлан бодох бүртгэлийн программыг нийтэд зарлана.

2.3 Ажлын хэсгийн гишүүд дараах материалыг үндэслэн дүгнэлт гаргана.

2.3.1 Нягтлан бодох бүртгэлийн программ нь олон улсын стандартад нийцсэн байдалд дүгнэлт гаргуулах тухай аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл

2 3.2 Программын дэлгэрэнгүй танилцуулга

2.3.3 Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2.3.4 Программ зохиогчдын овог нэр, төгссөн сургууль, мэргэжил, регистрийн дугаар бүхий товч жагсаалт

2.3.5 Засгийн газрын 2016 оны 165 дугаар тогтоолын дагуу программ хангамжид хяналт тавих төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр Сангийн сайдтай гэрээ байгуулан ажиллаж байгаа төрийн бус байгууллагын үнэлгээний тайлан

2.3.6 Бусад

 

Гурав. Ажлын хэсгийн хуралдаан

3.1 Ажлын хэсгийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд дарга хуралдааныг хагас, бүтэн жилээр товлож, удирдан явуулна

3 2 Ажлын хэсэг нь нягтлан бодох бүртгэлийн программд хяналт тавихтай холбоотой төрийн ба төрийн бус байгууллагын, болон хувийн секторын төлөөллөөс бүрдсэн 5-аас доошгүй тооны бүрэлдэхүүнтэй байна

3.2 Ажлын хэсгийн хуралдаан дарга, гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно

3.3 Ажлын хэсгийн гишүүд программ үнэлүүлэх хүсэлт ирүүлсэн байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолтой этгээд байхыг хориглох бөгөөд сонирхлын зөрчилгүй болох тухайгаа үнэлгээний үйл ажиллагаа эхлэхээс өмнө бичгээр мэдэгдсэн байна

3 4 Ажлын хэсгийн шийдвэр нь хуралдааны тэмдэглэл байна. Хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөх бөгөөд дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

3.5 Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга саналын эрхгүй байна

3.6 НББ-ийн программ үнэлүүлсэн байгууллага ажлын хэсгийн хуралдаанаас гаргасан дүгнэлтийн талаар санал гомдлоо дүгнэлт гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор Сангийн яаманд гаргах эрхтэй.

– хХх –

 

Сангийн сайдын 2018 оны 3 дугаар сарын

 5-ний өдрийн 47 тоот тушаалын 3 дугаар хавсралт

 

Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн программд дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүн

Ажлын хэсгийн дарга:

  • Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга

Гишүүд:

  • Сангийн яамны Төрийн сангийн газрын СТБХ-ийм дарга
  • Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын СТОУС хариуцсан ахлах мэргэжилтэн
  • “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” УҮГ-ын  захирал
  • Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн
  • “БДО Аудит” ХХК-ийн ерөнхий захирал
  • “Магнай трейд” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч бөгөөд санхүүгийн албаны дарга

Нарийн бичгийн дарга :

  • Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын Е баланс программ хариуцсан мэргэжилтэн

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *